Шинэ мэдээ

Н.НАРАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛСНААР АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ АРИЛНА

Барилгын салбарын mусгай зөвшөөрөл, инженер техникийн ажилтны бүртгэлийг Нэгдсэн мэдээллийн санд байршуулж , барилгын талаарх бүх мэдээллийг нэг дороос цахимаар авах боломжийг бүрдүүлж байгаа билээ. Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журмыг Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар энэ сарын эхээр баталсны дагуу зохион байгуулалтын ажил үргэлжилж байна.

Ирэх сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх дээрх журамтай холбоотойгоор хийж буй ажлын талаар БХБЯ-ны Статисктик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Нарантуяатай ярилцлаа.

– Барилгын салбарыг цахимжуулах ажил ямар байдлаар үргэлжилж байна вэ. Одоогоор ямар төрлийн үйлчилгээнүүдийг  цахим хэлбэрт шилжүүлсэн бэ?

-Барилгын салбарын цахимжуулалтын үйл ажиллагаа батлагдсан төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж  байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон 2019 онд Засгийн газраас баталсан “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд салбарын цахим шилжилтийн төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны хувьд салбарын төрийн үйлчилгээ, тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулахад голлон анхаарч ажиллаж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сараас манай салбарын Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх болон  Геодези, зурагзүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн  авч, шийдвэрлэж эхэллээ.

Харин ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон  Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг мөн бүрэн цахимаар хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллаж байна. Саяхан Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаанаар цахимжуулалттай холбоотой Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох болон салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-уудыг тус тус хэлэлцүүлж, батлуулаад байна. Мөн энэ ондоо багтаагаад Хот байгуулалтын зураг төсөл боловсруулах болон Барилгын материалын тусгай зөвшөөрлийг цахимжуулахаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллаж байгаа юм.

-Тусгай зөвшөөрөл цахимжсанаар хүний нөөцгүй компаниуд  цэгцэрнэ гэж ойлгож болох уу. Нөгөө талаар Тусгай зөвшөөрлийг дагасан “арын хаалга” танил тал дагасан ойлголт үгүй болно гэсэн  хүлээлттэй байгаа нь зөв үү ?

– Тиймээ. Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахын тулд хүний оролцоог багасгаж, систем өөрөө шалгаруулдаг болгохоор ажиллаж байна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл хэн нэгэн хөндлөнгөөс шаардлага хангаж байгаа эсэхэд нь болон шалгаруулалтын процесст нь оролцох боломжгүй болох юм. Зөвхөн систем өөрөө тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулахаар шинэчлэлийг хийсэн.   Өмнө тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргаж буй зарим аж ахуйн нэгжүүд хүний нөөц, инженер техникийн ажилтнууд байхгүй хэрнээ цаасан материал  бүрдүүлээд ирдэг байсан.  Үүнийг шалгах, нягтлахад хэцүү тул бүх бичиг баримтыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг, мэдээллийн үнэн зөв байдлыг нь тодруулах, лавлагаа авах гээд энэ бүх ажиллагаанд хугацаа шаарддаг байлаа. Тиймээс хүний оролцоо ихтэйгээс шалтгаалсан олон асуудлыг тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулснаар арилгах юм.

-Тусгай зөвшөөрөл авах аж ахуй нэгжүүд цаасан материал бүрдүүлэх шаардлагагүй болно гэж ойлголоо?

 Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргаж байгаа иргэний болон хуулийн этгээдийн мэдээлэл, нийгмийн даатгалын мэдээлэл, дээд боловсролын мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс хүсэлт ирүүлсэн  иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн лавлагаа, тодорхойлолт, бичиг баримт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь регистрийн болон дипломын дугаар зөрөхөөс эхлээд нас барсан иргэний материалыг хүртэл ашигласан тохиолдол гардаг байсан бол тухайн байгууллагад ажилладаг эсэх нь нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа мэдээллийн сангаас, мэргэжил нь тохирч байгаа эсэхийг боловсролын яамны дээд боловсролын мэдээллийн системээс, тухайн иргэн, байгууллага  мөн эсэх мэдээлэл нь улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээний цахим системийн мэдээллийн сангаас шүүгдэх учраас ямар нэг байдлаар хуурамч материал бүрдүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах, иргэд олон нийтэд тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн мэдээлэл нээлттэй, ил тод болох зэрэг олон дауу талтай.  

–Танай салбарын ихэнх зөвшөөрлийг төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод нь олгодог. Цахимжсанаар Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг  Монголын Барилгын Үндэсний Ассиоциацид гаргадаг хэвээрээ байх уу?

 Хэвээрээ. Монголын Барилгын Үндэсний Ассиоциаци хүсэлтийг хүлээн авдаг журмынхаа дагуу долоодугаар сарын 1-ээс www.licence.mcis.gov.mn хаягаар  цахимаар хүлээж  авна. 

Салбарын тусгай зөвшөөрлүүд  цахимжсанаар түүнийг дагаад салбарын инженер техникийн ажилтан болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийн сангийн мэдээлэл тухай бүр шинэчлэгдэх тогтмол мэдээллээ сайжруулах, олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах боломжтой  болж байна гэж ойлгох хэрэгтэй.  

-Одоогоор барилгын салбарт тусгай зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ? 

– Өнөөдрийн байдлаар төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал  (www.opendata.gov.mn)”-д барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй 7503 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна. Мөн Боловсролын болон улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шүүлгэж баталгаажуулсан зөвлөх,  мэргэшсэн зэрэгтэй 4265 инженер, 36302 салбарын инженер, 20345 мэргэжилтэй ажилтан  байгаа юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Similar Posts